“Оюуны чадварын IQ төв” Дэлхийн Пазлын Холбооны албан ёсны гишүүн боллоо
Дэлхийн Пазлын Холбоо (World Puzzle Federation) нь пазл (логикийн тааварт бодлого) сонирхогчдыг нэгтгэх, пазлын чиглэлээр гарч буй дэвшилтэт санаачилгуудыг олон улсын түвшинд дэмжиж, пазлыг түгээн дэлгэрүүлэх, Пазлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (World
Puzzle Championship) болон Судокугийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг (World Sudoku Championship) зохион байгуулах зорилготой, эгнээндээ 40 гаруй улсыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм.
Монгол улсын Оюуны чадварын IQ төв нь тус байгууллагад гишүүнээр элссэнээр өөрийн орондоо дээр дурдсан тэмцээнүүдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах албан ёсны эрхтэй болж байгаа бөгөөд цаашид шалгарсан оролцогчдын дундаас үндэсний шигшээ багийг бүрдүүлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах үүд нээгдэж байна. Бид 2020 оны 10 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах 29 дэх удаагийн Пазлын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд монгол улсын багийг оролцуулахаар зорин, шат дараалсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Пазлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн
Оролцогчдын хэл, соёл, мэдлэгийн зөрүүнээс үл хамаарах, зөвхөн ЦЭВЭР ЛОГИК (pure logic) сэтгэлгээ шаардах пазл буюу тааварт бодлогуудыг гүйцэтгэн өрсөлдөх зорилготой тус тэмцээнийг Дэлхийн Пазлын Холбооноос анх 1992 онд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулжээ. Тэмцээнд ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчид оролцох боломжтой бөгөөд ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлддөг. Тэмцээнд дэлхийн олон орны пазл сонирхогчид болох логикчид, математикчид, хуульчид, аналистууд, инженерүүд, програмистууд, код шифр тайлагчид зэрэг олон мэргэжлийн төлөөллүүд, ЕБС-ийн сурагчид өрсөлдөж, оюун ухаанаа сорьдог ажээ.
Логик + Инновац, бүтээлч сэтгэлгээний ОУ-ын тэмцээнүүд
Сэтгэх чадварын хоёр үндсэн бүрдэл нь логик болон бүтээлч сэтгэлгээ билээ. Оюуны чадварын IQ төвөөс оюун ухааныг эрхэмлэх үзлийг түгээн дэлгэрүүлэх, сурагч багачуудын сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг олимпиадаа цаашид сэтгэлгээний дээрх хоёр үндсэн бүрдлийн дагуу шинэчилсэн журмаар дотооддоо зохион байгуулна. Дотоодоос шалгарсан оролцогчдыг:
-
Логик сэтгэлгээ төрөлд шалгарсан бол World Puzzle Championship-д,
-
Бүтээлч сэтгэлгээ төрөлд шалгарагсдыг инновац, бүтээлч сэтгэлгээний ОУ-ын багийн тэмцээнүүдэд тус тус төрөлжүүлэн оролцуулахаар төлөвлөж байна.
Пазлын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн зургуудаас