Оюуны экологи
Оюуны экологи
ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ
November 10, 2006 | Админ
Хан-Уул дээд сургуулийн захирал,
Монгол Улсын Оюуны чадварын IQ төвийн
тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл
Аливаа амьтан, бас хүн, ерөөс юмс, үзэгдэл өөрийн гэсэн оршин байх ахуйтай байдаг. Тэрхүү оршин буй ахуй нөхцөл нь уг юмс үзэгдлийнхээ хөгжихөд суурь нөлөө үзүүлнэ. Ахуй орчноосоо тасарвал юмс үзэгдлийн амьдрах чадвар нь бууран доройтож, өнгө зүсээ алдан гунддаг, амьтад дайжин одно, ургамал ургахаа болино, хүмүүс ч мөн адил хулжина.
Дээр үед арслан, заан, хирс, бизон монгол нутагт бэлчээрлэж байж, гэтэл одоо алга, тэдний эко орчин нь өөрчлөгдсөнөөс ийм болжээ, хүн гуайд эко орчин бас ингэж нөлөөлдөг бололтой юм, хүмүүс гадаад руу хулжин дүрвэх нь нэмэгдсээр . . .
Манайхан эко орчин гэхээр голдуу ирвэс, буга, тарвага, зурамхантай холбож, ховордож буй ан амьтны түвшинд ойлгодог, заримдаа арай дэвшиж мал бэлчээрийн ургамлыг хамаатуулдаг. Yүнд буруугүй ээ, гэхдээ одоо амьдрах эко орчин, хүний экологи гэж ярих болсон цаг, хүн бээр оршин байж, ямар нэг хэмжээгээр амьдарч, аж төрж чадаж байвал тэнд бие махбодын хувьд хүний эко орчин байна гэсэн үг. Гэтэл хүн нь зөвхөн оршин байхын төлөө амьдардаг биш билээ, өөрөөр хэлбэл, хүн өөрөө бүтээлч байх учиртай, тэгэхлээр хүн нь зөвхөн оршин байх бие махбодын эко орчин шаардах төдийгүй бүтээж туурвих эко орчинг шаардах аж. Хүн нь бүтээж туурвихын тулд оюунаа дайчилж ухаанаа уралдуулна, ингэхийн тулд тухайн хүний оюун ухаан нь өөрийн ажиллах эко орчинг шаардана, эндээс “оюуны эко орчин”-ы тухай ойлголт гарна. Хүний бие махбодын хувьд оршин байх эко орчин нь тэр хүний оюуны эко орчин оршин байх зайлшгүй нөхцөл болохоос хүрэлцээтэй нь биш юм. Оюуны эко орчин гэдэг нь илүү нарийн нийлмэл, дээд түвшний эко орчин бөлгөө. Оюуны эко орчинг судлах ухааныг оюуны экологи гэе.
Эдүгээ цаг нь Оюуны экологийн хөгжлийн үе мөн. Энэ тухай хэлж ярьж бичиж сурталчилсаар байтал зугуухнаар хэвшил болох биз, одоогоор таг чиг байгаа юм, таг чиг байна гэдэг нь энэ асуудлыг ярих шаардлагагүй гэсэн үг биш, хүмүүс ойлгох түвшиндээ очоогүй л байна гэсэн үг, гэлээ ч цаг үе асуудлаа бидэнд тулгаж л таарна, түрүүч нь мэдрэгдэж ч байх шиг санагдана.
Оюуны экологи нь 2 талтай. Yүнд байгалийн ба нийгмийн тал.
Нэг.
Монгол дахь оюуны экологийн байгалийн тал Монгол улсын оюуны үндсэн хүч нөөц нийслэлдээ төвлөрчээ. Yүнийг хүлээн зөвшөөрөх учиртай.
Монголын зарим бүсийн эко орчинг судалсан доктор Аттэ Комонэн “Улаанбаатар нь бор шувууны амьдрах таатай эко орчин болжээ” хэмээн дүгнэсэн байхтай таарав. (- Аттэ Комонэн. An introduction to Ecology.
Eastern steppe biodiversity project, Ministry for Nature and Environment. United Nations Development Programme. Global Environmental Facility. Chiobalsan 2001, p.6)
Энэ ер нь юу гэсэн үг вэ? Ултай суурьтай бодох цаг болсон биш биз? Монголын нийслэл нь бор шувууны тархинаас гарах хэмжээний оюун ухаанд л илүүтэй зохино гэсэн дүгнэлтийг эндээс хийж болохгүй гэж үү?
1-р баримт: 1980-аад оноос Улаанбаатар хотын утаа униар өтгөрч хог тоос дэгдэх нь ихэссэн. Хотын салхи хөндийгөө дагаад голдуу баруунаасаа зүүн тийшээ, мах комбинат нь хотынхоо баруун захад, түүн рүү цуварсан малын хөлөөр нийслэл хотын баруун тал талхлагдан өлөн тоос хөөрөхөд таатай боломж бүрдсэн, гэр хорооллын гол цөм нь хотынхоо баруун ба хойд талаар, эндээс гарах утаа тоос нь урагшаагаа хонхортоо орж суунаглан тунарна. Бас хотын маань ил жорлон салхиныхаа дээд талд . . .
Энэ бол манай нийслэл хотын ерөнхий эко орчин. Тэгвэл зарим дүүрэг, бүсэд байдал ямар байдаг бол?
2-р баримт: 1970 онд одоогийн ШУА-н нэгдсэн хүрээлэнгийн байрыг барьж, ард нь Коперникийн хөшөөг босгожээ. Эдүгээ тэнд монголын шинжлэх ухааны суурь хүрээлэнгүүд төвлөрч, оюун ухаанаа дайчлан ажиллаж буй. Их ч ажиллаж байна, харамсалтай нь эцсийн үр дүн нь тун сул байх юм, шийдвэрлэх ёстой асуудал хуримтлагдсаар . . . Yүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа л даа, . . . цалин бага, тоног төхөөрөмж хоцрогдсон, бас бус. . .
Би хувьдаа цалин нэмснээр, хүчтэй тоног төхөөрөмж суурилуулснаар хуримтлагдсан асуудлыг шийдчихнэ гэж бодохгүй байна. ШУА-н Нэгдсэн хүрээлэнгийн байранд миний бие 1977-1992 онд 15 жил ном шагайсан билээ.
Эрдэм шинжилгээний ажилтан бидний оюун тархи үдээс өмнө дажгүй сэргэлэн байх, үд өнгөрөөд л унхайчихана, нэг л сулбагар болчихдогсон, тэгээд л сонин эргүүлсэн шиг, цагаа хараад л, өрөө хэсээд л . . . Хааяахан зарим өдөр салхи зүүнээсээ таарах, харин тийм өдөр хаа очиж үдээс хойш толгой сэргэлэн болчихно, залуу халуун настай би бээр яагаад тэгж байгааг тэгтлээ анзаарч дүгнэлт хийж байсангүй ээ. Одоо бодохнээ нь, ШУА-н нэгдсэн хүрээлэнгийн байр буй хотын зүүн хэсэг нь оюуны үйл ажиллагаанд төдий л таатай бус орчин бүрдсэн газар байжээ.
. . . ШУА-аа өргөтгөе, хөгжүүлье, хүрээлэнгүүдэд нь нэгдсэн байр барьж өгье, гэсэн дээд газрын шийдвэр гарчээ. “Газраа ол” гэж нам төрийн удирдлагаас үүрэгдэв. Эрдэмтэд Улаанбаатар хотод газар хайсаар эцэст нь одоогийн байрлалыг сонгосон гэдэг. Автобус унаандаа ойр, зам харгуйн бэлчир, хотынхоо салхин дор, мод уснаас хол, чимээ шуугианд ойр гэх мэт хүчин зүйлсийг бодолцжээ.Тэр “дээр” үед оюуны экологи гэх нь бүү хэл, ерөөсөө экологи гэдэг үгийг ч мань “мэргэд” сонсоогүй байж л дээ, ёстой л онгон дагшин “эрдэмтэд” байжухуй.
Тэд экология гэдэг үгийг шууд экономия гэж гөрдөн ойлгосон аж, тэд байгаль орчин гэхээр шууд л цаг агаарын мэдээ гэж хөрвүүлэн бодсон аж. Yүний “ач буянаар” эрдэм шинжилгээний суурь хүрээлэнгүүдээ одоогийн офицеруудын ордны урд, нийслэл хотын автомашины зүүн орц, гарцын уулзвар их тойруу дээр байрлуулж чадсан байна. Ёстой л эрх чадал заасан хэрэг . . .?
Дэндүү их нүргээнтэй, хорт хий тунардаг, салхивч онгойлгох нь хориотой . . ., ийм л орчинд манай эрдэмтэд ном бүтээж сууна, оюуны эко орчин нь алдагдсан газарт хүний оюун тархи сайн ажиллах болов уу?, сайн бүтээл туурвихад сайхан эко орчин хэрэгтэй бус уу?
Одоогийн манай ШУА-г шинэ санаачлаг багатай, сэтгэлгээ нь хуучирсан гэж хүмүүс өө сэв хайдаг. Хэрвээ энэ нь үнэн бол түүнийг хүмүүстэй нь холбохоосоо илүүтэй тэдний ажиллаж буй эко орчинтой нь холбож тайлбарлах учиртай биш биз!!!
Бохир орчинд бохир амьтад үрждэг. Yүнчлэн бохир орчин бохир сэтгэлгээг тэтгэнэ. Ингээд бодохоор, ШУА-н нэгдсэн хүрээлэнгийн эко орчин нь сэтгэлгээний хоцрогдлыг тэтгэгч үүр болж байж ч мэдэх нь. Yүнд сайхан сэтгэлтэй, чин их зүтгэлтэй эрдэмтэд буруугүй ээ, үүнд оюуны эко орчных нь доройтол буруутай.
"KAIST-Daejeon хотын дэргэд 1971 онд байгуулагдсан, одоогийн байдлаар 1,157,030 метр квадрат талбай бүхий хотхонтой, хэд хэдэн салбар сургууль, судалгааны төвүүд, хүрээлэнгүүдтэй. 3өвхөн компаниудаас 2002 оны байдлаар 838 сая америк долларын судалгааны тэтгэлэг авч байсан, БНСУ-ын ШУ ба технологийн уураг тархи болох зорилттой (KAIST vision 2012), ASIA WEEK сэтгүүлийн Азийн TOP 50 их сургуулийн жагсаалтыг 2002 онд тэргүүлсэн." - Admin.
3-р баримт: XX зуунд ноёлж байсан байшин барилгыг шүтэх үзэл, түүнд дулдуйдсан бодлогын нөлөөгөөр, бас бидний өдөр хоногийг аргацаасан сэтгэлгээний уршгаар нийслэлд буй гол их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд үндсэндээ Улаанбаатар хотын төвд байрлажээ. Эдүгээ Улаанбаатар хот хүн зон, унаа тэрэг, утаа тортог, дуу чимээ . . . гээд их хотын төрхтэй боллоо. Утаанбаатар ч гэлцэх нь бий. Их хотыг бэсрэг хотын сэтгэлгээгээр хөгжүүлж болохгүй ээ, одоо та бид өөрсдөө бэсрэг хотын сэтгэлгээнээсээ салмаар байна. Нийслэл маань одоогийн аймгийн төвүүд шиг байсан 40-өөд онд хотынхоо төвд их сургуулиа барьж чимэг зүйлт болгож байж, гэтэл эдүгээ нөгөөх чимэг гоёл нь Улаанбаатар хэмээх их айлын хөлд дарагдах болов, 21-р зууны хотыг 20-р зууны байшингаар чимж таарахгүй ээ, гоёл хуучидна. Гоёл хуучдахын ард сэтгэлгээний хоцрогдол л байгаа хэрэг. Эдүгээ Улаанбатарыг хөгжүүлэхэд “хоногтоо морины идэштэй газар юм, энд Алтай хотыг байгуулсугай” гэсэнэрхүү сэтгэлгээгээр хандаж болох уу? Дэлхийн улс орнууд хотоосоо холгүйхэн, дуу шуугианаас зайдуухан, ой усандаа ойрхон, агаарын сэлгээтэй, дэд бүтэц нь бүрдсэн уулын ам, голын тохой мэт эвтэйхэн газрыг сонгож, эрдэм номын газруудаа тийш нь нүүлгэн байрлуулж технологийн парк, их сургуулийн хотхон болгож, төрийн онцгой бодлогоор тэтгэн хөгжүүлж байна. Эдгээр нь тухайн улсынхаа уураг тархи нь юм. Улаанбаатарын ойр орчинд их сургуулийн хотхонд тохирох эвтэйхэн газар нэг бус бий, уулын ар гэвэл ядаж л “Зайсангийн ам” бэлэн байна, сонирхолтой нь тэнд ялтан хоригдлууд эмчлүүлж байдаг юм, “сайн” үйлс бүтээх гойд ирээдүйтэй учраас тэднийг эрүүл агаарт, дуу чимээнээс зайдуу, ой усанд ойрхон “тэжээж” байгаа юм, тэд л монголын уураг тархи болохдогоо . . . , энэ бол бидний эмгэнэл, гэхдээ эмгэнэл гэхээр хүмүүс, дарга нар уурлах тул монголын өвөрмөц онцлог гэе.
Оюуны эко орчны ойлголт нь шинэ зүйл бас ч гэж биш юм. Эрүүл орчин нь бие эрүүл байх суурь нөхцөл, эрүүл биед саруул ухаан оршино гэдэг, тэгэхлээр оюуны экологийн ойлголт нь угаасаа ойлгомжтой, аль эртнээс монголчуудад илэрхий байжээ. Монголчууд тэнэг байгаагүй ажээ. Харин бид л тэнэгтдэг бололтой.
Америк, Баруун европыг хол байна, монголын онцлог нь өөр шүү гээд тэднийг орхиё, Азийн Япон, Сингапур, Солонгос, Тайваныг бас орхиё, заавал тэднийг дуурайх алба уу?, Орос, Хятадыг өөр үндэстэн, бидэнд падгүй гээд бас орхиё, ерөөсөө дэвшил хөгжлөөс сугаран хоцоръё, зөвхөн монголоороо л үлдье, харин өвөр монголчуудтайгаа хамт явъя, ингэж бодоод гадаа байгаа Хөх хотын багшийн дээд сургууль дээр давхиж очив шүү, гэтэл энэ дээд сургууль Хөх хотоос 36 км зайд шинэ газар төвхнөж байх ажээ. Уг нь тус сургууль Хөх хотынхоо дотор байсан бөгөөд агаар бохирдон шуугиан ихсэж, оюуны экологи нь муудсан тул ийнхүү гадагш нь зөөж буй гэнэ.
XXI зуун бол мэдлэгт суурилсан оюуны үйлдвэрлэлийн эрин үе. Оюуны үйлдвэрлэлийн “үйлдвэрийн байр” нь их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд юм. Эдгээр нь өөрийн гэсэн эко орчыг шаардана. Тийм эко орчин манайд байна уу? Бусдаас биш юм гэхэд ядаж Өвөр монголчуудаасаа суралцахсан.
Нэгэн зүйл: Лев Толстой юу гэж хэлсэн бэ?
Их зохиолч Лев Толстой хавар, зун, намрын 9 сарыг өөрийн эдлэн “Ясная поляна”-даа ард олныхоо дунд өнгөрөөдөг, өвөл нь Москвад буй модон байрандаа бичиг номоо нухдаг байжээ. Тэрбээр “Би зохиол бүтээлээ хөдөө газар, агаар усныхаа дэргэд л бичдэг, харин Москвад ирэхээрээ бичсэн зүйлдээ найруулгын төдий л засвар хийдэг” гэж хэлсэн байдаг.
Өгүүллийн энэ хэсгийг би хотоос гадна, уулын аманд усны дэргэд бичив, цаг л суув шив, хотын төвд ч (МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС-д) юм уу их утааны дор (ШУА-н Нэгдсэн хүрээлэнгийн байранд) бол 10 цаг суухад ч үүнийг бичихгүй л дээ, учир нь тэнд оюуны экологи алдагдсан . . .
Нэгэн зүйл: Анхны сургууль байгуулж, нийслэлдээ гадны хүнд үзүүлэх ганц юмтай больё, хотынхоо яг төвд нь их сургуулиа баръя гэсэн 1940 оны үеийнхнийхээ сэтгэлгээг ойлгож болно, харин эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээ одоогийн офицеруудын ордны урд төвлөрүүлье гэсэн 70-аад оны эрдэмтдийн сэтгэлгээг би ойлгохгүй байна. Би тэдгээр эрдэмтдийг “дарга эрдэмтэд” гэж цоллоё. Дарга-эрдэмтэд дан даргаас ч дор, дан эрдэмтнээс дор, тун аюултай, бас л монголын өвөрмөц үзэгдэл юм даа. Дарга нь дарга шигээ, эрдэмтэн нь эрдэмтэн шигээ байвал зүгээрсэн.
Нэгэн зүйл: ШУА болон их сургуулиудын менежментийг өөрчилье, эко орчинг нь сайжруулъя гээд санаа бодлоо хэлэхээр хариуд нь өөр илүү оновчтой санаа оноо гаргаж уралдахын оронд уцаарлан эсэргүүцэж, чи өөрийгөө л бөөцийл, бид хэдийн юманд бүү оролц гэж уцаарладаг болжээ.
ШУА, их сургуулиуд нь хэдэн хүний хувийн өмч байх нь л дээ. Оюуны экологи нь доройтсон орчинд он удаан жил бүгсний гай энэ буюу.
Хоёр.
Монгол дахь Оюуны экологийн нийгмийн тал. Энэ хэсэгт Монгол оронд ОЮУН хөгжих нийгмийн нөхцөл байдал ямар байгааг хэлэлцэх юм. Монголын төр монголын нийгмийг оюунжуулах талаар өмнөх зуунд хэрхэн анхаарч байсан, тухайлбал өөдтэй өнгөтэй хэдийгээ ямар алдар-цол өгч яаж хааш нь харуулсан, ар дагз руу нь хэд буудсан, яс нь хаана хаанаас бөөн бөөнөөрөө гарч оршуулах онголох гээд хэчнээн их ажил уддаг … Одоо ямар байдалтай байгаа, тухайлбал, уралддаг морины хүч, ухаант хүний оюуны үнэлэмж хоёр ялгаатай болсон эсэх, хэн хэн үүнийг араас нь өөгшүүлэн турхирдаг, тэр нь хэнд ашигтай болох, цаашид бид яавал зохих вэ?, тухайлбал, ямар ахиц дэвшил байгаа, яаж хадгалах хөгжүүлэх гээд олон асуудлыг хөндөх ёстой. Цаг нь ч болсон. Нийгмийн сэтгэлгээний хоцрогдлыг ашиглан өөртөө нэр олох, улс орноо уруудуулах үйлдэл олонтой давтагдах болов. Yүнийг таслан зогсоож байж Монгол орноо оюуны эко орчин сайжирна, нийгмийн талаасаа шүү. Энэ сэдвээр уншигчдынхаа санаа бодлыг эхлээд сонсъё гэж бодлоо, тэгээд танд үг хэлэх боломж олгож байна.