Босоо сэтгэлгээний хорлол
БОСОО СЭТГЭЛГЭЭНИЙ ХОРЛОЛ
ОЮУНЫ ЧАДВАРЫН - IQ ТӨВ
May 08, 2007 | Админ
Хан-Уул дээд сургуулийн захирал,
Монгол Улсын Оюуны чадварын IQ төвийн
тэргүүн доктор, профессор Ц.Дэмбэрэл
Оюун ухаан, сэтгэлгээний мэргэжлийн ном зохиолд Вертикал сэтгэлгээ (vertical thinking) гэсэн холбоо үг олонтоо таарна, үүнийг монголчилж ч болно, вертикал гэдгээр нь хэрэглэж ч болно, утгачлан монголчилбол, эгц босоо, угсраа, дээрээс доош, доороос дээш гэсэн утгатай үг. Тэрээр хүний сэтгэлгээний бие даасан төрөл бөгөөд зарим ном зохиолд вертикал сэтгэлгээ нь хүний сэтгэлгээний айд 10 орчим хувийг эзэлдэг гэсэн нь бий. Ямартай ч хүний сэтгэлгээний зайлшгүй нэг төрөл нь мөн, үгүйсгэж ерөөсөө болохгүй. Босоо сэтгэлгээ нь урьдчилан авсан ямар нэгэн суурь аксиом, эхлэх цэгээс цааш нь угсруулан, ургуулан сэтгэнэ. Заавал эхний аксиом, гарааны цэг хэрэгтэй. Сэтгэлгээний энэ төрөл шинжлэх ухааны хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Гэхдээ бас бодох юм байна. Тэр нь: Хүн ерөөсөө дандаа босоо сэтгээд байвал яах вэ? Чухамхүү энд л асуудал байна.
Өгүүлэх нь: ВЕРТИКАЛ буюу Босоо сэтгэлгээ хүний сэтгэлгээний айд 10 орчим хувь эзэлдэг бол цаана нь 90 хувь үлдэнэ. 90 хувьд нь КАУЗАЛ буюу учир шалтгаанаар шүтэн барилдуулах сэтгэлгээ, ЛАТЕРАЛ буюу олон талт бүтээлч сэтгэлгээ, ВИЗУАЛ буюу харах орон зайн сэтгэлгээ байдаг. Хамгийн том нь ВИЗУАЛ болой. КАУЗАЛ нь 20 хувь, ЛАТЕРАЛ нь 30 хувь, ВИЗУАЛ нь 40, хувь нийлээд 90 хувь болно. Тэгэхлээр 10 хувь эзэлдэг босоо сэтгэлгээг дагнан шүтэх нь учир дутагдалтай юм. Босоо сэтгэлгээ нь монголчуудад гойд танил билээ. Ер нь монголчуудыг үндсэндээ ВЕРТИКАЛ (босоо) сэтгэдэг хүмүүс гэхэд хилсдэхгүй ээ.
Асуулт: Босоо сэтгэлгээнд сул тал бий юу?
Хариулт: Мэдээж хэрэг, босоо сэтгэлгээнд цөөн бус сул тал бий. Босоо сэтгэлгээ нь суралцахад бусдыгаа бодвол илүү хялбар, эзлэх хэмжээ нь ч бага юм. Сэтгэлгээний нэг төрлийг дагнан шүтэж өндөр оюуны чадвараа зөвхөн тэр төрлөөр илэрхийлэх нь цөөн хэдэн хүний хувьд байж болох ч бүтэн үндэстний хувьд аюултай байдаг. Математикчид гаргууд босоо сэтгэдэг, байгалийн шинжээч эрдэмтэд ч бас муугүй, ер нь хүчтэй сэтгэдэг хүмүүс голдуу ийм байдаг. Босоо сэтгэх урлагийг гүн ухаанчид хангалттай үзүүлсэн.
Монгол үндэстний тухайд асуудлыг тодруулъя. Нүүдэлчин хүмүүс зөвхөн өөрийгөө борлуулахдаа тун дажгүй, амьдрал нь тийм байхыг шахдаг байсан гэх. Уулын мухарт . . . хар гэртээ хаан, хатан эхнэртээ жанжин, бор гэртээ богд, борлон төлөгтөө эзэн . . .
Ийм орчинд босоо сэтгэлгээ л илүүтэй төлөвшинө, төлөвшсөн ч ажээ. Бас дээр нь, материализм, марксизмээс эхтэй нэг туйлт үзэл суртал бараг 100 жил ноёрхов. XX-р зуунд нэг туйлт үзэл суртал, Монголд нутагшиж хурцаар илэрч байсан нь үүнтэй холбоотой.
Асуулт: Монгол хүний босоо сэтгэлгээг өргөтгөх, засаж хөгжүүлэхэд боловсролын өнөөгийн тогтолцоо нөлөөлж чадаагүй хэрэг үү?
Хариулт: Монголын боловсрол нь бүх шатандаа (эдүгээ хүртэл) Босоо сэтгэлгээний боловсрол юм (Вертикал сэтгэлгээний боловсрол). Тэгэхлээр монгол хүүхэд босоо сэтгэлгээтэй орчинд өсөж торниод босоо сэтгэлгээний боловсролоор дамжаад 23 орчим насандаа жинхэнэ ориг босоо сэтгэгч болох бөлгөө.
- Босоо сэтгэлгээ нь туйлширч сэтгэхийн эцэг юм. “Ориг монгол” залуу маань гойд туйлширна. Орчлонгийн үзэгдэл юмсыг нэг л цонхоор харна. Бусад цонхыг үгүйсгэнэ. Зөвхөн өөрийнхийгөө зөв гэнэ, буруу байсан ч зөв гэнэ. Өөрт хир халдаахгүй, өөрийгөө өө сэвгүй, цав цагаан гэнэ.
- Босоо сэтгэлгээ нь өрөөсгөлөөр хийсвэрлэн ургуулж сэтгэхэд гойд зохицно. “Ориг монгол” залуу маань шүлэг, роман зохиох хоббитой, юуг юу ч гэж мэднэ, угсруулан зохиогоод л байна . . , монголчууд угаасаа цагаанд дургүй, улаанд дуртай байсан гэнэ. Тагтаанд хайртай, Бүргэдэд өштэй байж гэнэ. 150 кг ачаатай морь 40 кг ачаатай мориноос холдоо илүү хурдан байдаг гэнэ. (Тунгалаг тамир зохиолын цахиур Төмөр 150 кг, дэвхрэг Итгэлт 40 кг жинтэй) Юу ч хийдэггүй шилийн хулгайчийг Цахиур гэж дээдлэн шүтэх ба Тамирын мөсийг долоож зүтгэсэн Итгэлтийг Дэвхрэг гэж доромжлон шүүнэ, амьдралд ойр, реалист бүтээл ийм байдаг гэнэ, өөдтэй сайн нь энэ шүү дээ . . . бусад нь тэгвэл ямар байх бол? Зууны манлайгаар шалгарснаас нь шүүрдэхэд л энэ . . . Ийм сонин логикоор 15 жил нүдүүлсэн хэний ч тархи бараг 100 хувь Босоо сэтгэдэг болно. Зах зээлд шилжээд 15 жил өнгөрчхөөд байсан 2006 онд . . . Хөдөөгийн нэгэн ЕБС-ийн 10-р ангийн 49 охидын 47 нь цахиур Төмөр шиг биетэй, бүдүүн хадуун зантай, булиа том эр хүнтэй ханилах хүсэлтэй гэж байжээ. Ямарав дээ . . . Хулгайч Төмөртэй ханилсан эдгээр охид цаашдаа яаж амьдрана даа, . . , мал сүрэг төрийн хамгаалалттай, малын хулгайн гэмт хэрэг хүнд ялтай, . . , хам хэргээр шоронд орох бус уу?
Босоо сэтгэдэг хүмүүс бусдыг муулах, магтахдаа дэндүү дадмаг. Газар дор ортол нь муулна, тэнгэрт тултал нь магтана. Байгаа хэдийнхээ аль өөдтэй, өнгөтэйг нь сорчлон хяргана, үгээр ална, үлдсэн олонх нь дув дуугүй, гай надаас хол байвал их тусмаа эвтэйхэн гээд харж байдаг, яг л цувж яваа барс.
Тэд улиран баларсныг зохиомжлон сэргээхдээ сүрхий, аль өнгөрсөн хойно нь, үхсэн, алагдсаных нь дараа л үгээ олохгүй магтана, цоллоно, ой тэмдэглэх үндсэн ажилтай . . . алтан үеийнхэн, ардын баатрууд, мөнгөн хараацайнууд, мөхлөөс аврагсад л тэд байж гэнэ дээ. Өнгөрснийг магтахын оронд өөрсдөө тийм болооч гэж хэн ч үл хэлнэ.
Yүнийг нүүдэлчдийн араншин, том талбайд цацагдсан цөөн хүний шинж гэх нь бий, илэрч буй хэлбэр нь тийм байж болно, агуулга нь Босоо сэтгэлгээнд хорлогдсон БООЛ-ууд . . . Босоо сэтгэлгээний боолууд өш хонзон санахдаа үнэхээр онцгой. Талцаад л үзэлцээд байдаг, бүх хүчээ дотоодынхоо тэмцэлд бардаг, таван настай хүүхэд сугалаад авчих байцайны хоёр талд тавь гарсан хоёр эр зогсож зодолдсоор нэг мэдэхэд манжинг нь ямаа идчихсэн байжихуй.
Босоо сэтгэдэг улс төрчид улс орноо урагш нь бус, арагш нь “хөгжүүлнэ”, хүн зон нь нам, бүлгийн ард хуваагдан жагсаж, талцан маргана, эцэс төгсгөлгүй уралцан хэрэлдэнэ, сална, сарнина. Босоо сэтгэдэг намууд улс оронд нь байгалиас түр өгсөн хязгаарлагдмал хишгийг сонгогчдодоо хуваан өгөх амлалтын уралдаанд мордоно, амлаад л байна, . . . амлаад л байна, . . . , эцэст нь бүтээдэг ард түмэнгүй, бүрэлгэдэг олон түмэнтэй болно. Босоо сэтгэлгээ ийм хорлонтой бөлгөө.
Босоо сэтгэдэг ард түмэн дуу хууранд нугасгүй. Дуу шүлэг нь голдуу магтах, муулах аястай, өнцөглөн туйлшрах чиглэлтэй байдаг. Тэгж байж л дуу, шүлэг болдог биз. Дууны энэ өвөрмөц шинж босоо сэтгэлгээтэй найрсан зохирдог аж. Монголчуудыг харийнхан дуу, хуурын ард түмэн гэдэг нь цаанаа “та нар ухаантай ард түмэн гэсэн үнэлгээ бус, харин ч та нар бол сэтгэлгээний ердөө л аравны нэгийг нь эзэмшсэн шүү” гэсэн сануулга юм.
Босоо сэтгэдэг ард түмэн дуу хууранд нугасгүй. Дуу шүлэг нь голдуу магтах, муулах аястай, өнцөглөн туйлшрах чиглэлтэй байдаг. Тэгж байж л дуу, шүлэг болдог биз. Дууны энэ өвөрмөц шинж босоо сэтгэлгээтэй найрсан зохирдог аж. Монголчуудыг харийнхан дуу, хуурны ард түмэн гэдэг нь цаанаа “та нар ухаантай ард түмэн гэсэн үнэлгээ бус, харин ч та нар бол сэтгэлгээний ердөө л аравны нэгийг нь эзэмшсэн шүү” гэсэн сануулга юм.
Босоо сэтгэдэг хүмүүс бусдыг даган дуурайх, авьяастай байдаг. Нэг хуулийн оршил нь Америк, төгсгөл нь Хятад, дунд нь Австрали, Герман, Японы хуулиудаас таслан цавуудаж наана, ийм технологиор боловсруулсан хуулиуд дотроо том том цоорхойтой, бас хоорондоо том том зөрчилтэй, гэмтэн хаагуур нь ч хаашаа ч гүйгээд гарчихна. Монголд “Хууль 3 хоногийн настай, хууль нь гууль болов” гэлцэх нь БОСОО сэтгэлгээний хорлол юм. Босоо сэтгэлгээтэй хүмүүс аливаад нэг л өнцгөөс ханддаг гэж өмнө хэлсэн, энэ нь аливааг олон өнцгөөс харж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өөр шинэ технологиор гүйцэлдүүлэх оюуны мэлмийг хиртүүлнэ, энэ утгаар нь БОСОО сэтгэлгээг туйлшруулан шүтвэл улс орны хэмжээнд шинэ санаачлага-инноваци ховорддог. Эдүгээ монгол орон ийм байна. Бид БОСОО сэтгэлгээний хорлолд өртжээ. Юм боддог, эргэцүүлдэг хүмүүс хэлж, бичиж эхэллээ . . . “Чөлөөтэй сэтгэх, ажиллах боломж нээгдээд 20-иод жил боллоо, юу дутлаа гэхэв, гэтэл ерөөсөө ажил нэг л явуургүй байна, энэ янзаараа удвал буцдаг ч юм уу” гэж? Одоо буцахгүй ээ, харин урагшилна, гэхдээ зам бартаатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол бартаа нь хаана, юунд байна вэ? гэвэл би бээр Улс орон маань бүхэлдээ “Босоо сэтгэлгээний хорлол”-д өртсөн байна гэж хариулах бөлгөө. Хүмүүс бас ч гэж үүнийг сүүлийн үед мэдэрч, гарах арга зам хайж, уриа лоозон дэвшүүлж ч байх шиг, “Хүмүүсээ амьдадаа бие биенээ хайрлая . . . эвсье, хүчтэй болцгооё . . .” гэхчлэн. Санаа нь зөв боловч арга нь дутуу байна.
Учир гэвэл БОСОО сэтгэлгээний хорлолд автсан олон түмэн хэзээ ч амьдадаа бие биенээ хайрладаггүй юм, тэд ёстой эвсэн нэгдэж харагдаач . . . , Би муу амлаагүй байна, үнэн л энэ шүү. Сэтгэлгээ нь үүнийг зөвшөөрөхгүй юм чинь, яах ч аргагүй. Босоо сэтгэлгээний хорлол нь өвчин юм. Энэ өвчин ихээхэн халдвартай. Аав, ээж нь, багш нь, ойр тойрны нөхөд нь босоо сэтгэдэг бол хүүхэд нь, сурагч нь, оюутан нь босоо сэтгэдэг болно. Даган дуурайж байхгүй юу. Хүний мууд дуртай аав, ээжийн дэргэдээс тийм л хүн торнино. Босоо сэтгэлгээний хорлол өвчин нь бас удамшдаг байж мэдэх шинж буй. Та ойр орчноосоо ийм жишээ олоод надад хэлээрэй.
Асуулт: Монголчуудыг, монгол орныг БОСОО сэтгэлгээний хорлолоос ангижруулах арга чарга байна уу? Хариулт: Монголчуудыг эхлээд ЛАТЕРАЛ буюу олон талт бүтээлч сэтгэлгээнд сургах хэрэгтэй, хоёрт КАУЗАЛ сэтгэлгээ рүү ойртуулах хэрэгтэй, гуравт ВИЗУАЛ сэтгэлгээнээс амтлуулах хэрэгтэй, үүний тулд юуны өмнө, ядаж л ЕБС-ийг, улмаар дээд боловсролыг бүхэлд нь Оюун тархинд суурилсан сургалтын шинэ технологи руу шилжүүлмээр байна. Мэдлэгт суурилсан БОСОО сэтгэлгээний технологи 20-р зуунтайгаа хамт ард хоцорлоо, үүнийг мэдтүгэй, зууралдаад юу хийнэв, оюунд суурилсан ЛАТЕРАЛ, КАУЗАЛ, ВИЗУАЛ сэтгэлгээг голлосон 21-р зууны шинэ технологируу шилжмээр байна, энэ мэт ажлыг зах зухаас нь шууд барьж аваад ойрын 10 жилд хиймээр байна. Энэ явцдаа ард олондоо яавал ЛАТЕРАЛ, КАУЗАЛ, ВИЗУАЛ сэтгэж сурах арга аргачлалыг заая, мэдээллийн бүх сувгийг БОСОО сэтгэлгээний хорлолоос нь гаргая . . . ийм бодитой биетэй тодорхой ажил хийхгүйгээр урагш цойлно, суга үсрэн хөгжинө гэж ёстой ГОНЖИЙН ЖОО.
Теорем. Монголчууд бид хэзээ Латерал-бүтээлч сэтгэдэг болнов, тэр цагт л бүтээдэг болно, хөгжил тэгж л ирнэ. Энэ теоремийг эсрэгээс нь батлая. Өөрөөр хэлбэл, хөгжихгүй байгаа бол Латерал сэтгэдэггүй байх ёстой. Монголчууд бидний дунд Латерал сэтгэдэг хүн бараг байхгүй, байх ч үндэсгүй, ерөөсөө бидэнд зааж сургаагүй юм чинь. Тэгэхлээр Монгол улс буурай хөгжилтэй гэдгээс Монголд Латерал сэтгэдэг хүн цөөхөн гэсэн дүгнэлт гарна даа. Теорем эсэргээсээ батлагдав.
Сэтгэлгээ нь ямар байнав, Хүн нь тийм . . . Хүн нь ямар байнав, ажил үйлс, амьдрал-хөгжил нь яг тийм . . . тиймүү? үгүй юу?